НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2014 оны 10 сарын 01 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 3435323
Зочин: 5
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 610
Суралцагчийн төлөвшил, хөгжил
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-17

Суралцагч хувь хүний төлөвшил, хөгжил бол өөрийнх нь болон амьдран буй нийгмийн объектив, субъектив олон хүчин зүйлийн харилцан нөлөөлөл, механизмын үр дүнд шийдвэрлэгддэг нэн төвөгтэй асуудал юм. Энэ нь хувь хүний биологи, нийгмийн өвөрмөц шинж, түүний авъяас билэг, хэрэгцээ сонирхол, хүсэл тэмүүлэл болон нийгмийн бичил орчин буюу бүлэг давхрааны хамаарал, ялгарал нийгэм, хамт олны захиалга, тухайн сургалтын зорилго, агуулга, арга хэрэглүүр, үнэлгээ, бусад орчин нөхцөл зэрэг олон хүчин зүйлийн цогц үйлчлэлийн хамаарал байдаг ажээ.

Тиймээс ч суралцагч хувь хүний төлөвшил, хөгжлийн эдгээр бүх хүчин зүйлийн үйлчлэлийн өгөөж, үр дүнгийн олон факторыг багтаасан бүрэн дүүрэн, үнэ цэнэт интеграль онол хүний тухай орчин үеийн шинжлэх ухаанд одоогооор хараахан буй болоогүй байна.
Аливаа нийгэм оршин тогтнох, хөгжих, өөрийгөө дахин инженерчлэхийн тулд чанартай мэдлэг, чадвар, соёл, төлөвшил, хөгжил бүхий гишүүдээр амьдралын бүх хүрээгээ нөхөн сэлбэхийг ямагт эрмэлзэж иржээ. Нийгэм ба хувь хүмүүсийн төлөвшил, хөгжлийн төлөө энэхүү тэмцэл, тэмүүлэл нь амьдралын бүх салбар, түвшинд илэрнэ. Жишээлбэл, эцэг эхчүүд шилдэг багшид, шилдэг сургуульд үр хүүхдээ суралцуулахыг хүснэ. Багш нар гэхэд бүтээлч ажиллагаатай шавь нараараа, өөрийн төгссөн сургуулийн нэр хүндээр бахархана.

Аль ч улсын боловсролын бодлого нь тодорхой зорилго, чиглэл үр ашигтай сургалт, боловсролын системийг бүрэлдүүлэн тогтоохын төлөө байдаг. Өнөөдөр тухайн сургалтаар суралцагчийн төлөвшил, хөгжил болон боловсрол, хүмүүжлийн чанарын түвшинг хөгжлийн өөр өөр түвшинтэй нийгмийн байгуулалд тэдгээр нь хэрхэн шийдвэрлэгдэж байгаагийн үр дүнг нь харьцуулан үзэх замаар хүний төлөвшил, хөгжлийн үнэ цэнийг тодорхойлж байна. Сургалтын чанарын үзүүлэлт, түүний хэмжүүр, шинжүүд нь хувь хүний хөгжлийн төвшин болон нийгмийн талаасаа ямар байвал зохистойг боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх ухаанд өнөөдөр төдийлөн тодорхой шийдвэрлэж чадаагүй юм.
Ерөөс хүний төлөвшил гэдэгт түүний оюун санаа ёс суртахууны амьдралын цогцлол, хөгжил буюу хүмүүжсэн байдал, иргэний болон нийгэмшилтийн нь чанарыг голчлон авч үзэх бөгөөд харин хөгжил гэдэг нь түүний оюуны болон практик үйл ажиллагааны чадвар, тухайлбал, боловсрол олсон байдал, мөн эрүүл мэнд-наслалт, амьдрах арга чадвар хийгээд амьдралын чанар, орлого соёлын түвшин зэрэг үзүүлэлтүүдийг багтаасан ойлголт юм.
Хүний хөгжил, төлөвшилд онолын тал нь чухал уу? практикийн тал нь чухал уу? гэсэн асуудал байнга тавигдана. Бид онол бол практикийн урьдач нөхцөл гэдгийг нотолдог. Энэ нь юу гэсэн үг вэ? Хувь хүний төлөвшил, хөгжил бол онолын мэдлэгийн үндсэн дээр тодорхой үйлдлийг гүйцэтгэх чадвар юм. Гэтэл дэлхийн практикт сургалтын чанар, хүний төлөвшил, хөгжлийн үнэлгээний талаар өөр онол, арга, хандлага дэлгэрчээ. Энэ нь суралцагчийг юуны өмнө амьдрал, практик үйлдэл, үйл ажиллагаанд оролцуулах ёстой. Ингэх явцдаа тухайн суралцагч өөрт үүсч буй хэрэгцээ оролцооны сонголтын хэрээр онолын мэдлэгийг олж авна гэж нотолдог. Гэхдээ энэхүү хоёр хандлагын аль алинд нь дээрх шиг давуу хийгээд сул тал бий. Онолоос практикт шилжих арга замын сул тал юу вэ? гэвэл суралцагчийн олсон онолын мэдлэгийн систем нь түүнийг эзэмших сэдэл болж чаддаггүй аж. Практикаас онолд шилжих арга замын сул тал юу вэ? гэвэл, онолын мэдлэгийг системтэй олгохгүй бол тэрхүү мэдлэг нь гүн бат, бодитой үйлдэл ч болж чадахгүй гэдэг. Суралцагчийн төлөвшил хөгжилд энэ хоёр арга, хандлагын аль нь илүү нөлөөлөлтэй вэ? суралцагчдад онолын мэдлэгийг системтэй эзэмшүүлэх үү?, эсвэл суралцагчийг бодит үйл ажиллагаанд оролцуулах, хүн төрөлхтөний шийдсэн бололцоот үйлүүдийг туршин хийлгэх, үйлдүүлэх замаар суралцуулах уу? гэдэг асуудал шийдлээ хүлээж байгаа бөгөөд эдгээр нь суралцагчийн төлөвшил, хөгжилд шууд нөлөөтэйгээр зогсохгүй боловсролын онол, танин мэдэхүйн хувьд ч тулгамдсан чухал асуудал юм.

Бидний бодоход манай монголчуудын гүн ухаандаа эрхэмлэдэг арга билгийн хандлагаар үзвэл, хүний хөгжил, төлөвшилд энэ хоёр арга, хандлагыг зохистой хослон хэрэглэх нь зүйтэй, үр өгөөжтэй байх болов уу.
Гэхдээ сургалтын чанар үнэлэмжийг сайжруулах талаар дэлхий дахинаа зөвшөөрсөн хэмжүүр, бол түүний зорилго, агуулга, арга зүй, зохион байгуулалт, үнэлгээг шинэтгэх буюу тэдгээрт бүхэлд нь реформ хийх явдал аж. Харин энэ нь «Боловсрол, сургалтын чанар, амьдрах чадварын баталгаа болно» гэж нэрт боловсрол судлаач, доктор Б.Битинас цохон тэмдэглэсэн бий.
Суралцагч буюу хувь хүний хөгжил, төлөвшлийн тухай сэтгэл зүйн задлан шинжилгээний онол (З.Фрейд), танин мэдэхүйн буюу когнитив онол (Ж.Пиаже), суралцахуйн онол, бүлгийн дасан зохицохуйн онол, үйл ажиллагааны болон тогтолцооны онол синергетикийн буюу шугаман бус тогтолцооны онол зэрэг тодорхой онолууд байдаг нь илэрхий бөгөөд эдгээрийн зохих үзэл санаануудыг нь синтез хийж үзвэл суралцагчийг төлөвшил хөгжлийн талаар 3 янзын үзэл санаа, хандлага тодрон гарч байна. Үүнд:

Нэгд, «Нийгэм» төвт төлөвшил, хөгжил

Хүйс, арьс өнгө, үндэс угсаа, нийгмийн байдлын ялгаваргүйгээр нэгдэж буй хүмүүсийн том , бага бүлэг хийгээд тодорхой хувь хүн түүний үйл ажиллагаа, бүтээл, базаж хэлбэл, соёлд эерэг хандах харилцаа буюу «нийгэм» төвт үнэт зүйлд үндэслэсэн боловсрол, хүмүүжлийг эзэмшиж байж хүн төлөвшиж хөгжинө. Үүний суурь үнэт зүйл нь эрх, эрх чөлөө, тэгш эрх, шударга, ах дүүгийн ёс, хөдөлмөр, энх тайван, бүтээлч үйл ажиллагаа, хүнлэг чанар, эв нэгдэл, зөвшил, түншлэл гэх мэт. Энэ боловсрол, хүмүүжлийн уг чанар нь хүн өөрийн хувийн эрх ашиг ба нийт хүн төрөлхтөний эрх ашгийн төлөө өөрийгөө зориулахын хоорондын зөрчлөөр илэрнэ. Өөрөөр хэлбэл, бие хүн бусад хүмүүсийн сайн сайхан байдал, бусад гэр бүл, үндэстэн, угсаатан, нийгмийн сайн сайхны төлөө өөрийгөө зориулахад бэлэн байх явдал аж. Ийм төлөвшил, хөгжилтэй хүний сөрөг тал нь гэвэл, тухайн бие хүн нь оюун ухаан, сэтгэл санааны байнгын асар их ачаалалтай амьдрахыг шаарддагт оршино.

Хоёрт, «Шашин» төвт төлөвшил хөгжил

Энэ нь дээд оршихуй буюу туйлын үнэлэмжийг оюун санаандаа хүртэх өөрөөр хэлбэл, трансцендент үнэт зүйлд үндэслэсэн боловсрол, хүмүүжлийг олж авна гэсэн үг. Үүний агуулга нь оюун санааны ертөнцийн ариусал, мөнх, мөнх бусын жаргал, гүн шүтлэг бишрэл, итгэл, найдвар, хайр, гэм нүглээ наминчлах гэх мэт бурхны үнэт зүйлийг эзэмших явдал аж. Ийм боловсрол, хүмүүжилтэй хүний сөрөг тал нь, үхлийн дараах оршихуйтай амьдын дээд үнэт зүйлийг хутгасны улмаас манай гаригийн бодит амьдрал дахь хувь хүний бэлтгэл, хөгжлийн ач холбогдол үнэ цэнэ, идэвхт чанарыг бууруулдаг байна.

Суралцагчийн төлөвшил нь орчин цагийн хүний боловсрол, хүмүүжлийн дээрх 3 талт, 3 төвт хэрэгцээ, шаардлагыг иж бүрдэлд нь юм уу, эсвэл аль нэгээр нь голчилж, гэхдээ тэдгээрийг хэр зэрэг шүтэлцүүлэн хангах нь зохистой вэ? гэсэн судалгаа, практикийн асуултууд зүй ёсоор тавигддаг.
Суралцагчийн төлөвшил, хөгжлийн үр дүнг хэмжин үнэлэх тухайд онолын хийгээд, практикийн хувьд тулгамдсан зайлшгүй шийдвэрлэвэл зохих цөөнгүй асуудал байна.

Үүнд:

Суралцагч мэдлэг, чадвар, үнэт зүйлийг ямар замаар, яаж өөрийн болон нийгмийн түвшний үйлдэл, үнэмшил итгэл, хувийн байр суурь болгох вэ? суралцагчдад хүн төрөлхтөний олон янз туршлага, үнэт зүйл, нийгэмч хүнлэг үзэл санааг тэдний танин мэдэхүй, үйл хөдлөл, биеэ авч явахуйн дотоод хөдөлгөгч хүч буюу эерэг үйлдэлд нь өдөөгч, сөрөг үйдлээс татгалзуулагч болгон хувиргахуй нь мэдлэгийг дотоод үйл болгох, интернализацийн жамаар хэрэгжвэл, тэдгээр мэдлэг, үнэт зүйл нь тухайн бие хүний чанар, төлөвшил, хөгжлийн хувийн болон нийгмийн үнэт зүйл болж чадах билээ.
Чухамдаа өнөөдөр монголын нийгэмд нийгмийн хэв журмын зөрчил, ёс сургтахуунгүйдэл, гэмт хэрэг, авилгал, албан тушаалаа хэтрүүлэн ашиглах зэрэг зохисгүй үзэгдэл тогтмол өсөж байгаа нь хүүхэд залуучууд, нийт иргэн, түүгээр ч зогсохгүй төрийн ажилтны ухамсар, соёлын төлөвшил дутмаг байгаатай ямар нэг байдлаар холбогдох юм.

Албан ба албан бус сургалтын явцад тодорхой үзэл санаа, үнэт зүйл тухайн хүний аж төрөх ёсыг зохицуулагч доминант болж төлөвших, эдгээр нь бие хүний хувь түвшинд батжих замаар тухайн бие хүний хувийн болон нийгэмч байр суурь төлөвшдөг байна. Ингэхлээр үнэт зүйл нь бие хүний оюун санааны ертөнцийг илэрхийлэгч, хүн төрөлхтөний дагаж мөрдөхүйц өвөрмөц туршлага бөгөөд чухамдаа нийгэм хүмүүний төлөө үзэл санаа ч үнэт зүйл юм. Үнэт зүйл, эрхэмлэлийг хоёр аспектаар авч үзнэ.
а. Бодит байдал түүний оршихуй, чанарыг тусгагч нийгэм хийгээд хүнд шууд ач холбогдол бүхий үнэт зүйл. Энэ утгаараа үнэт зүйл нь материаллаг, оюуны, хэрэглээний ба бүтээн байгуулалтын ач холбогдолтой байдаг аж.
б. Хувь субъектын ертөнцийн юмс үзэгдэл дэх харилцаа, түүний үнэт чиг баримжаа, нийгмийн тавил, зорилт болн бие хүний шинж чанараар илэрхийлэгдэх үнэт зүйлүүд. Эдгээр нь тухайн хүний төлөвшил, хөгжлийн хэмжүүр үзүүлэлтүүд болдог. Боловсрол, сургалтаар үнэт эрхэмлэлт зүйлийг эзэмшсэний эцсийн үр дүн бол тухайн хүний хувийн байр суурийн бүрдэлжил, төлөвшил юм. Бие хүний хувь байр суурь нь нийгмийн бодит байдал дахь харилцаа, тухайн хүний тодорхой нөхцөлд буюу өөр нөхцөл байдалд хүн, нийгэм, бусад үнэт зүйлстэй, харилцан үйлчлэлцэхүй аж. Энэ нь сургалт, боловсролын зорилго, зорилтын эцсийн үр дүн, дүр төрхийг нэгдмэлээр илтгэн харуулдаг чанарын үзүүлэлт юм. Үнэт зүйл нь хувь хүний хөгжил, төлөвшлийн тодорхой байр суурийг бүрдүүлдэг бөгөөд тэрхүү байр суурийг иргэний, ажил хэргийн, зан суртахууны, гоо зүйн, шашны гэх мэтээр төрөлжүүлэн авч үзэж болох ба ийм чиг хандлагаар суралцагчийн төлөвшил, хөгжлийг хэмжих хэрэгцээ шаардлага өссөөр байна.

Доктор(Ph.D)ь дэд профессор О.Пүрэв

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  10 дугаар сар 2014  
Ням Д М Л П Б Б
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?