НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2014 оны 04 сарын 16 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 3183469
Зочин: 4
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 595
Бүтээлч сэтгэлгээний үзэл санааг хэрэгжүүлэх арга зүй
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-10-02
С.Наранчимэг [1]

[1] Дорнод аймгийн Хэрлэн сумын 5-р сургуулийн нийгмийн ухааны багш

Абстракт:
Энэхүү илтгэлд бүтээлч сэтгэлгээний аргыг хэрэгжүүлэх явцын ажиглалт, анхаарал татсан зарим асуудлуудыг шийдвэрлэж буй арга зам,, олсон амжилт, мөн бүтээлч сэтгэлгээний аргуудын үзэл санаа өөрөөр хэлбэл, бүтээлч сэтгэлгээний аргуудаар илэрхийлэгдэх философийг нээх, монгол ардын зүйр цэцэн үгсээр илэрч буй монголчуудын гүн ухааны сэтгэлгээг тайлбарлахыг оролдсон өөрийн судалгааны дүнг танилцуулахыг зорилоо.

Түлхүүр үгс:
Бүтээлч сэтгэлгээний философи, Бүтээлч сэтгэлгээний аргууд, Бүтээлч үйл ажиллагаа, Дээд шатны асуултууд, Бүтээлч сэтгэлгээний үндсэн зарчим, Ардын зүйр цэцэн үгс, Сургаал үгс

ОРШИЛ

1990-ээд оноос эхлэн тасралтгүй өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа боловсролын тогтолцооны шинэчлэлт нь багш биднээс нийгмийн харилцаанд нийцсэн шинэ үр дүнтэй үйл ажиллагаа, арга барилыг шаардсан юм.

Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгээс боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн нэг Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөр нь боловсролыг ардчилах үйл явцыг түргэтгэхэд нөлөөлсөн хамгийн үр дүнтэй хөтөлбөр болохыг цохон тэмдэглэх нь зүйтэй. 1998 оноос 3 жилийн хугацаанд нийт сургууль багш нарыг хамран өргөжсөн энэ хөтөлбөр нь бага дунд сургуулийн багш нарт унших, бичих бүтээлч идэвхтэй аргуудаар дамжуулан бүтээлчээр сэтгэгч, ардчилсан нийгэмд өөрийгөө нээн илрүүлж сурч амьдрах чадвартай иргэдийг төлөвшүүлэхэд нь туслахад чиглэсэн. Хөтөлбөрийн хүрээнд олон багш арга зүйгээ боловсронгуй болгон сургалтын үйл ажиллагаандаа ямар нэгэн дэвшил гаргаж, суралцагсад өөрийн зорилготойгоор үзэл бодлын хувьд харьцангуй нээлттэй орчинд бүтээлчээр оролцох болсон нь өнөөдөр олон жишээгээр харагдаж байгаа бөгөөд үүнтэй санал нийлэхгүй хүн гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөр нь бусад хөтөлбөрүүдтэй холбогдох байдлаараа ч багш суралцагчдын хэрэгцээнд нийцсэн байдлаараа ч боловсролын шинэчлэлтэнд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Бүтээлч сэтгэлгээний аргуудыг туршиж үзээгүй нэг ч багш Монголд байхгүй гэхэд хэтрүүлсэн болохгүй. Гэвч хэрэглэх, турших, хэрэгжүүлэх явцад анхаарал татсан маш олон асуудал гарч байна.

Эртний Грекийн философич Фалес “Хамгийн шилдэгт өөрөө суралц, хамгийн шилдэгт бусдыг сурга”[1] гэсэнчлэн анхлан хэрэгжүүлэгч бид өөрсдөө сайн суралцах хэрэгтэй байлаа. Өөрсдөө суралцах явцдаа хамгийн гол чухал асуудал нь бүтээлч аргууддаа бус харин түүний үзэл санаанд өөрөөр хэлбэл Бүтээлч сэтгэлгээний философид байгаа гэдгийг ойлгож бусдыг ч энэ асуудлыг маш сайн судалж шүүн хэлэлцээсэй гэсэн үүднээс энэ асуудлыг өнөөдөр та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм.

Бүтээлч сэтгэлгээний философи гэдэгт чухам юуг ойлгох, Бүтээлч сэтгэлгээ нь ардчилсан нээлттэй нийгмийн иргэдийн эзэмшвэл зохих чухал чадвар мөн эсэх, хэрэв мөн юм бол ямар үзэл санааг бид өнөөдөр төлөвшүүлж байна вэ гэдгийг зайлшгүй эргэн харж шүүн ярилцах, ингэснээрээ өөрсдийн ажлыг шинэ түвшинд байнга өргөжүүлж байх боломжтой болно гэж бодож байна. Аливаа философи дундынх байх боломжгүй гэдэг. Монголчууд “Хүн болгон адилгүй, Хүлэг болгон жороогүй” гэж ярьдаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багш бүхэн энэ философийн талаар өөр өөрийн бодолтой байдаг ба түүнийгээ байнга илрүүлж, хэлэлцүүлж үр дүнтэй бүтээлч илүү сайн үзэл санааг боловсруулан баяжуулж байхыг бид эрмэлзэх ёстой. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад ямар нэгэн аргыг зөвхөн өнгөн талаас нь хуулбарлан хэрэглэх явдал газар авч, бүтээлч сэтгэлгээний үндсэн үзэл санаа (философи) алдагдаж, улмаар сургалт зорилгодоо хүрч чадахгүй болох хандлага ажиглагдаж байна. Иймээс бүтээлч сэтгэлгээний ямар аргад ямар үзэл санаа агуулагдаж байгаа болон түүнийг сайн хүртээмжтэй талаас нь яаж хэрэглэж болох талаар өөрийн хийсэн судалгаа туршлагад тулгуурлан ярихыг зорилоо.

Бүтээлч сэтгэлгээний философийг тайлбарлах арга зүй

Бүтээлч сэтгэлгээ бол “Гүн бясалгал” юм гэсэн дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрдөг. Тиймд бүтээлч сэтгэлгээний философийг түүнийг хэрэгжүүлэгч бүхэн эн тэргүүнд ойлгох хэрэгтэй.

Эртний Грекийн сэтгэгч Пифагорийн философи сэтгэлгээний анхдагч гурван үеийн [2] тодорхойлолт нь бүтээлч сэтгэлгээний философитой логикийн хувьд тохирдог нь нэн олзуурхууштай бөгөөд түүнийг тайлбарлах, мөн ойлгоход маш дөхөмтэй байдаг нь сургалтын явцад харагдсан.

Үүнийг хүснэгтэнд үзүүлбэл:

Анхны элемент Философийн үзэгдэл
Бүтээлч дээд түвшний асуулт
Хоёрдогч элемент Философидах
Бүтээлчээр маргах,мэтгэлцэх
Гуравдагч элемент Философи сэтгэлгээ Бүтээлч сэтгэлгээ

Мөн үеийн гүн ухаантан Аристотель “Философи сэтгэлгээ гайхахаас эхэлдэг” гэсэн бөгөөд бидний сургалтын зарчим зөв шийдэлд хүрэх арга гүн ухааны шинжтэй асуулт асуухаас эхэлдэг. Ийм асуултыг бүтээлч сэтгэлгээнд дээд түвшний асуулт гэдэг бөгөөд энэ нь бидний өдөр тутам бие биенээсээ асуудаг гол төлөв ганц зөв хариулт шаардсан асуултнаас ялгаатай. Дээд түвшний асуулт нь олон санааг тусган харьцуулж байж тайлбарлах, олон хувилбартай хариултыг шаардсан сэтгэхүйн дээд түвшний ажиллагааг илтгэсэн асуулт юм. Дээрх санааг дүгнээд хэлбэл хүн алив зүйлийг танин мэдэхийн эхлэл нь гайхах эргэлзэх байдаг бөгөөд тү?нээсээ ургуулан асуудал дэвшүүлж, маргаж мэтгэлцэн үзэл санаагаа уралдуулан эцэст нь гүн ухааны үүднээс бясалган бодоход хүргэдэг ба эндээс бүтээлч сэтгэлгээ эхэлдэг. Ийм логикоор бүтээлчээр сэтгэнэ гэдэг нь сурах үйл явцын төгсгөл биш эхлэл болох нь ойлгомжтой. Дээрх бүх үйл явцыг танхимын сургалтанд хэрэглэхдээ бид бүтээлч сэтгэлгээний аргуудыг гол арга зүй, технологио болгон ашиглаж байна.

Бодож төлөвлөсөн гайхамшигтай ганц асуулт хичээлийн хувь заяаг эерэгээр эргүүлж чаддаг гэсэн санааг би бүрнээ дэмждэг бөгөөд багшаас суралцагчдад тавьж байгаа, эсвэл суралцагчид гаргаж ирж байгаа асуултынх нь цар хүрээгээр хичээлийг үнэлэхэд үнэлгээ хол зөрдөггүй гэдгийг туршлагынхаа явцад олж харсан юм.

Бүтээлч сэтгэлгээний олон бүтээлч үзэл санаануудыг энд дурдах нь илүүц гэж үзээд ямар үзэл санаа ямар аргуудаар илэрхийлэгдэж байдгийг боловсруулснаа 1 дүгээр хүснэгтэнд харуулав.

1 дүгээр хүснэгт

Сургалтын аргууд

Бүтээлч сэтгэлгээний аргуудаар төлөвшдөг үзэл санаанууд
1.
INSERT Өөрийн үндсэн мэдлэгтээ тулгуурлан мэддэг зүйлээ мэддэггүй зүйлтэйгээ холбон ойлгох нь мэдлэгийг бодитойгоор хүлээн авах боломж олгодог.
2.
BRENDBOG Урьдчилан нарийн сайн төлөвлөж зохион байгуулсан алив ажлын үр дүн санамсаргүй үйлдлээс хавьгүй илүү байна.
3.
Багшийн асуулт Бүтээлч сэтгэлгээ гайхахаас эхэлдэг бөгөөд бүтээлч асуулт нь сониуч занг өдөөсөн юмны утга учрыг олох гэсэн хүнд угаасаа байж байдаг мөн чанарт тулгуурласан байх ёстой.
4.
Шоо ашиглах Бүтээлчээр сэтгэхийн нэг хэлбэр нь мэдээллийг байж болох бүх хувилбаруудад хувирган өөрчилж харьцуулан жиших үйл ажиллагаа юм.
5.
Бүлэглэх арга Ертөнцөд ерөнхий адил шинжгүй зүйл үгүй бөгөөд бас юм бүхэн өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг. Мэдээллийг задлан шинжилж нэгтгэн дүгнэх холбоо хамаарал онцлогийг нь тогтоож ойлгох явдал чухал.
6.
Зэрэгцүүлсэн тэмдэглэл хийх арга Өгөгдсөн санааг тусган авахдаа утга санааг нь шүүн тунгааж өөрийн үзэл бодлыг бусдынхтай харьцуулан эргэлзээтэй талыг илрүүлэх чадвартай болгох.
7.
Лекцийн арга Суралцагчид бидний үнэлж буй зүйлийг үнэлэх л гэж ирдэг. Унших зүйл нь сонирхол татсан бүгдэд хэрэгтэй байх ба сургалт хэзээ ч уйтгартай байж болохгүй.
8.
Морофон бичих Өөрийгөө илэрхийлэхээс иш үндэслэлтэй бичих хүртэлх оюуны үйлдэл нь хүнд өөрийн гэсэн бодолтой хэлэх үгтэй байж өөрийн үзэл бодол амьдралын туршлагаа хүндэтгэх чадвартай болгодог.
9.
Зааварчилж уншуулж бодуулах харьцуулсан хүснэгтийн арга. Эх бичвэр нь зөвхөн зохиогчийн санаа. Хүн бүхэн таамаглалыг нотолж шийдвэрлэхийг хүсэж байдаг ба зөн совингоор сэтгэх нь логикт хүрэх эхнмй алхам.
10.
KWL Мэдээлэл нь ямагт эмх цэгцтэй байх хэрэгтэй. Хэрэгтэй мэдээллээ бусад мэдээллээс ялгаж авах сонголт хийх чадварт сургах нь чухал.
11.
Мэтгэлцээн DEBATE Маргах нь суралцагчдаас дээд зэргийн идэвхтэй оролцоо бүтээлч сэтгэлгээг шаарддаг. Баталгаат бус мэдээллийг няцаах чадвартай байх хэрэгтэй.
12.
CORNERS (булан) Сурья гэсэн хүн ямагт үзэл бодолдоо уян хатан байх хэрэгтэй. Шаардлагатай үед өөрийн үзэл бодлоос татгалзаж өөрчлөхөд бэлэн байж сургах.
13.
Эвлүүлгийн арга JIGSAW Суралцагчид өөрсдийнхөө үнэ цэнэ нэр хүндэд итгэлтэй байхаар чөлөөт орчинг бүрдүүлэн шинэ санаа олон ургальч үзлийг уралдуулах боломж бүрдүүлэх, мөн тэд мэдээлэл боловсруулах чадвартай болоход тусалдаг.
14.
PAIR-SHARE (хоршиж ажиллах) Бусдыг сонсож санал бодлоо солилцоно гэдэг нь хамтын мэргэн ухааны үнэ цэнийг мэдрэхэд тусалдаг.
15.
Бүлэг сэдвийн үнэлгээ Сайн үнэлгээ алив ажил (хүн)-ийг сайжруулахад чиглэгддэг.
16.
Группээр үнэлэх Суралцагчдыг бусдын болон өөрийнхөө өмнө үүрэг хүлээлгэсэн үнэлгээ нь хамтын ухамсартай үйл ажиллагаанд татан оруулдаг.
17.
Эссээ үнэлэх Бичнэ гэдэг нь хэн нэгэн хүн ямар нэгэн зүйлийн тухай аль нэгтэй ярьж байна гэсэн үг.
18.
Орфографын өртөөлөл Сургалтыг хүн бүхний онцгой чадвар илэрч байхаар зохион байгуулах.
19.
Шийдвэрийн мод Ертөнц дээр ямар нэгэн учир шалтгаангүйгээр үүсэж бий болсон нэг ч зүйл байхгүй. Үнэн зөв шийдвэрт хүрэхийн тулд бодит туршлагыг ашиглах.
20.
Бичгээр хийх хэлэлцүүлэг Үг хэлэх дуугүй байх ч үе гэж бий. Бичгээр асуух асуултад бичгээр хариулах нь суралцагчдыг аливаа асуудалд ул суурьтай хандаж сургана.
21.
5 минутын эссэ Ямар ч болзолгүйгээр шууд бичих нь чөлөөт сэтгэлгээний нэг хэлбэр. Ингэж бичих нь жинхэнэ уран бүтээлийн үүдийг нээдэг.
22.
Үнэлгээний цүнх Бүтээлч багш нь Би үнэлүүлье гэсэн орчинг бүрдүүлж чаддаг байх ёстой.
23.
Намтар хэлэлцэх Хэн юуг ч гуйвуулан бичиж ярьж болно. Харин бодит үнэнийг олоход цаг хугацаа тусалдаг.
24.
Зохиогчийг зохиох Таамаглах нь бүтээлч эрэлт хайлтыг бий болгодог. Танин мэдэхийн тулд аз туршихыг урамшуулан дэмжих хэрэгтэй.
25.
Зураг нэрлэх Бүтээлч сэтгэлгээ эцэс төгсгөлгүй. Учир нь хүний сэтгэхүй хязгааргүй.

Ер нь алив бvтээлч үйл ажиллагааны эцэст бүтээлч үзэл санаа илэрч байдаг бөгөөд бүтээлч сэтгэлгээний аргуудын чухал болохыг нотлох өөр нэг санаа төрсөн нь монголчуудын гүн ухааны сэтгэлгээ илэрч байдаг сургаал үгс, зүйр цэцэн үгсийг сургалт семинарт хэрэглэн хичээлдээ анализ хийлгэж ирсэн нь нилээд үр дүнтэй болсон юм. Олон зуун жил он цагийн хатуу шалгуурыг даван эдүгээ хүртэл нэр хүндтэй хэвээр байгаа ард түмний дунд ёс суртахуун сурган хүмүүжүүлэх асар их нөлөө бүхий сургаал үгс, зүйр цэцэн үгсийг харьцуулан тайлбарлах нь асар өндөр ач холбогдолтой байлаа. Мөн чанарын хувьд бүтээлч сэтгэлгээний философи нь дэлхийн олон орны шилдэг багш нарын үзэл санаагаар баяжсан илүү өргөн философи бөгөөд аль ч ард түмэн тийм санаануудыг яриа бичгээр илэрхийлсээр ирсэн байдаг.

Сургалт судалгаандаа монголчуудын гүн ухааны шинжтэй сургаалыг оруулахаас гадна “Философийн афоризм” гэгддэг эртний сэтгэгчдийн онч мэргэн үгсийг оруулан олны хүртээл болгож бүтээлч сэтгэлгээний үзэл санааг тайлбарласан юм. Ийнхүү тайлбарлахдаа бүтээлч аргуудыг хэрэглэн харилцан санал солилцуулж, нэгтгэн дүгнэж, маргаж мэтгэлцүүлж байсан нь зөв шийдэлд хүрэхэд тусалж байсан юм. Бүтээлч сэтгэлгээний ямар үзэл санаа нь Монгол ардын ямар зүйр цэцэн үгсээр илэрч болохыг боловсруулснаа 2 дугаар хүснэгтээр үзүүлэв.

2 дугаар хүснэгт

Бүтээлч сэтгэлгээний философийг монгол ардынзүйр цэцэн үгсээр тайлбарлах нь

Бүтээлч сэтгэлгээний үзэл санаа
Монгол ардын зүйр цэцэн үгс
1.
Хам сэдэвгүй, өмнөх мэдлэгтэй холбох боломжгүй мэдээлэл амархан мартагддаг. Зүйргүй үг байдаггүй
Зүйдэлгүй дээл байдаггүй
2.
Алив мэдээллийг туршлагатай холбож ойлгуулснаар гүн бат болно. Долоохгүй бол гашууныг мэдэхгүй
Доголдохгүй бол зовлонг мэдэхгүй
3.
Ойлгомжгүй эргэлзээтэй зүйлийг тэр дор нь асууж байхад сургах
Цагийн юм цагтаа
Маргаашийн өөхнөөс Өнөөдрийн уушиг дээр
4.
Мэдээллийг олон талаас нь дахин, дахин нягтлан үзэж эцсийн шийдвэрт хүрэх Долоо хэмжиж нэг огтол
Бушуу туулай боривондоо баастай
5.
Бусдыг хүлээцтэй тэвчээртэй анхааралтай сонсдог чадварт сургах
Үг хэлний цөөн нь
Үхэр малын олон нь
6.
Хамтран гаргасан шийдвэр ямагт хамгийн сайн шийдвэр байдаг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй
Бүлээн усаар угаавал хиргүй
7.
Бие биедээ туслахад хэзээд бэлэн байж сурах
Гар нийлбэл ганзага нийлэх
Ганц мод гал болдоггүй
8.
Алив зүйлд уян хатан байж шаардлагатай гэж үзвэл өөрийн үзлээс татгалздаг байх
Гэмээ мэдсэн хүн
Гэгээн ухаантай
9.
Хүн нэг бүрийг сонсож, олон санаанаас хэрэгтэй мэдээллээ сонгож авах Дуслыг хураавал далай
Дуулсныг хураавал эрдэм
10.
Учрыг олж мэдэх гэсэн сонирхол төрүүлээгүй мэдлэг гүн бат болж чадахгүй
Дургүй ламд
Дарж байж сахил хүртээх
11.
Гайхамшигтай сонин асуулт гаргаж өргөн ярилцлага өрнүүлэх
Овоо босгохгүй бол
Шаазгай хаанаас суухав.
12.
Бусдаас суралцаж бусдын саналыг хүндэтгэх
Зөвлөвөл зөвдөнө
Зөрвөл буруудана.
13.
Ямагт илэн далангүй итгэлтэй байх

Муу нуухаар
Сайн илчил

14.
Зөрөөтэй саналыг ч урамшуулан дэмжиж бодох боломж олгох
Зөөлөн үгэнд хүн бөхийдөг
15.
Аль болох бага наснаас нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаарах Буруу сурсан хүүхэд
Бухын хүзүүнээс хатуу
16.
Бусдыг чиний буруу гэж хатуу дүгнэхгүй байх
Урмыг нь хугалахаар
Ууцыг нь хугал
17.
Сурах үйл ажиллагаанд идэвхтэй үйлдэл давамгайлж байх ёстой
Оролдлого сайт
Оройд нь гарна.
18.
Сурч мэдэх сэдэл тэмүүллийг бий болгох
Салхигүй бол өвсний толгой хөдлөхгүй
19.
Ямагт тасралтгүй боловсорч байхыг эрмэлзэх хэрэгтэй
Уйгагүй хүн уул нүхлэнэ
Суусан цэцнээс явсан тэнэг дээр
20.
Хугацааг хангалттай өгөх, бушуу түргэн гэж шаардаж болохгүй Түргэн горхи
Далайд хүрэхгүй
21.
Суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг мэддэг байх
Тэмээ хариулсан хүн
Буурынхаа занг андахгүй
22.
Шинэ зүйл сурч мэдэхийн тулд эрсдэл хийхээс айхгүй байх. Хийвэл бүү ай, айвал бүү хий.
Чононоос айсан хүн хонь тэжээж чадахгүй
23.
Өөрийнхөө сурах үйл ажиллагаанд хариуцлагатай байх
Эзэн хичээвэл
Заяа хичээнэ
24.
Ямагт эрэл хайлт хийж шинийг эрэлхийлэгч байх
Эрлийг сурлаар олдог
Эрдмийг хичээлээр сурдаг
25.
Өөртөө тавьсан зорилго гаднын нөлөөгөөр тавьсан зорилгоос хавьгүй илүү Эр хүн зорисондоо
Эмээлт морь харайсандаа
26.
Бүтээлчээр мэтгэлцэх
Учрыг олж, хужрыг тунгаах
27.
Өөрийн санаа зөв гэдгийг ухаалгаар ойлгуулах
Хэрэлдсэнээс хэлэлцсэн нь дээр
28.
Өөрийнхөө санааг бусдынхтай харьцуулан
шүүмжлэлтэй хандах
Биеэ мэдвэл хүн
Бэлчээрээ мэдвэл мал
29.
Дүгнэлт үргэлж бодитой байх ёстой. Гүжир үг гүнзгий нүхнээс хэцүү.

Бvтээлч сэтгэлгээний vзэл санааг төлөвшүүлэх ажлын үр дүнгээс Бүтээлч сэтгэлгээ төслийн анхны сургалтаас эхлэн бид өөрсдийнхөө тогтсон үзэл баримтлалд шүүмжлэлтэйгээр хандан ээлжит хичээлийн хөтөлбөрүүддээ дүн шинжилгээ хийснээр учир дутагдалтай олон үзэл санаанууд бидний ажлын арга барилд байгааг олж харсан юм. Бид бүгд л сурагчдад мэдлэг олгох явдлыг гол зорилгоо болгож, түүнийхээ үнэн зөвд итгэлтэй байдаг байсан. Ийм үзэлтэй багш одоо цөөн ч гэсэн байгаа нь тодорхой бөгөөд сургалтын явцад тэдний “Мэдлэг олгох нь муу юм гэж үү? ” гэсэн асуулт , шүүмжлэлтэй байнга тулгардаг.

“Хүн гэдэг оюун ухаант амьтан алив зүйлийг хоёрдмолоор хүлээн авдаг бөгөөд ингэхдээ өөрийнх нь үзэл санаа алдаатай байвал түүнээсээ татгалзахаасаа илүү хамгаалахыг эрхэм болгодог. Харин түүнийхээ сул доройг мэдвэл түүний эсрэг тэмцэж эхэлдэг” хэмээн “Диалектик гэж юу вэ?” зохиолдоо К.Поппер өгүүлжээ.

Өөрийнх нь үзэл бодол алдаатай болохыг ойлгуулан түүнийхээ эсрэг тэмцдэг болгохыг бид зорьсон бөгөөд зорилгоо амжилттай биелүүлж байна. Мэдлэг олгох, мэдээллийг хүргэх хоёрын хооронд асар их зөрөө байгаа бөгөөд мэдээлэлд шүүмжлэлтэй хандан зөв сонголт хийхэд нь хэн бүхэнд туслах эрмэлзлэл бүтээлч сэтгэлгээний төслийн багш бүхэнд төлөвшиж чадсан ба цаашид илүү олон багшид үүнийг эзэмшүүлэхийг бид зорьж байна. Үзэл санаагаа хэрэгжүүлэх хугацаанд гарсан алив хүнд асуудлуудыг шийдвэрлэхэд, тухайлбал, багш нарын эргэлзээ төрүүлж байгаа асуудлуудыг нээн илрүүлэх, шинэ зорилтот хичээлийг өмнөх аргуудаар бэлтгэсэн хичээлүүдтэй харьцуулахдаа зэрэгцүүлсэн тэмдэглэл хийх арга, уг зүйлийн талаар хүн бүрийн санал бодлыг сонсож шүүн ярилцахад мэтгэлцээн гэх мэт бүтээлч сэтгэлгээний олон хэлбэрүүдийг ашиглаж байлаа.

3 дугаар хүснэг т

Багш нараас авсан судалгааны асуулт

Хичээлийн аргууд ойлгосондахин тайлбарлаххэрэглэдэг
байнгабайнга
1
Идэвхжүүлэх аргууд68% 32% 88%12%
2
нэлгээний аргууд 85% 15% 46% 54%

Багш нартай ажилласан ажлын үр дүнгийн талаар

Бүтээлчээр сэтгэгчийг төлөвшүүлэх төслийг хэрэгжүүлэх явцад ажиглагдсан анхаарвал зохих нэн чухал асуудал бол багш нар зөвхөн сургалтын олон янзын аргуудыг хэлбэр талаас нь авч хэрэглэхийг гол болгон үндсэн философио орхигдуулах юмуу эсвэл гуйвуулан тусгах явдал юм. Судалгааны явцад багш нар бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх философи зарчим, арга стратегийг ихэнх тохиолдолд сайн хэрэглэж байгаа нь харагдаж байсан боловч дараах үндсэн зарчмуудыг дутуу хэрэглэх явдал гарч байна.

4 дүгээр хүснэгт

Дүгнэсэн асуултуудаас анхаарал татаж байгаа гол асуудлууд Байнга Заримдаа
Суралцагчдын үг яриаг таслахгүй тэдний ойлголт үзэл бодлыг хүндэтгэн анхааралтай сонсож урамшуулдаг. 40% 60%
Үнэлгээний шалгууруудыг суралцагчдад танилцуулж боловсронгуй болгохын тулд тэднээр хэлэлцүүлдэг. 10% 90%
Байнга олон хариулт бүхий дээд түвшний эрэгцүүлэл шаардсан асуултуудыг асуудаг: 25% 75%

Судалгааны явцад олон давтагддаг дээрх зарчмуудын үндсэн шалтгаан нь:

1. Бүлгээр ажиллах үед хамтын шийдвэрт голлон анхаарч суралцагч нэг бүрийг хувь хүнийх нь үүднээс дүгнэн урамшуулж, үзэл бодлыг нь анхааралтай сонсохгүй байх, яриаг нь таслах явдал их ажиглагддаг. Ингэснээр өөрийгөө илэрхийлэгч итгэл үнэмшилтэй иргэн төлөвшүүлэх үзэл санаа орхигдож байна.

2. Манай нөхцөлд стандарт хөтөлбөрт захирагдан асар их мэдээллийг бөөнөөр нь богино хугацаанд өгөх болдогоос багш сурагчдад шинэ олон янзын үзэл бодлыг туршин үзэх хугацаа хангалтгүй байдаг.

3. Бүтээлч сэтгэлгээний үндсэн элемент болох дээд түвшний асуултыг багш өөрөө байнга бэлтгэн цаг үеийг мэдэрч тавьж хэвшээгүй, суралцагчдыг зохих түвшиндээ олон хариулт бүхий асуулт боловсруулах чадварт сургах үйл ажиллагаанд төдийлөн анхаардаггүйгээс сэтгэхүйн хөгжил шаардсан даалгавар бага байдаг.

4. Үнэлгээний хувьд зөвхөн стандарт үнэлгээгээр хатуу үнэлдэг, үнэлүүлье гэсэн чөлөөтэй орчинг бүрдүүлж чадахгүй байгаагаас гадна сурагчдын өөрийн үнэлгээнд ач холбогдол өгдөггүй зэрэг болно.

Шалтгааныг арилгахын тулд засах арга замаа сонгохдоо бүтээлч сэтгэлгээний философийг өргөн ойлгуулах шаардлагатай гэж үзээд энэ асуудлаар сургалт семинар зохион сургалтын явцад арга бүхэнд байгаа үзэл санааг мэдрүүлэн өргөн тайлбарлаж, турших боломж олгохын зэрэгцээ үр дүнг тооцох, судалгаа авч дахин сургалт явуулах зэргээр ажиллаж байна.

Бүтээлч сэтгэлгээний аргууд, тэдгээрт орших үзэл санааг хэрхэн ойлгож байгаа талаар авсан судалгаагаар 50 гаруй хувь нь INSERT хийх, эвлүүлгийн болон булангийн арга, багшийн асуулт зэргийг ашиглахдаа үзэл санааг буруу гаргасан алдаа гарч байлаа. Тухайлбал: INSERT хийх аргыг хэрэглэх явцдаа мэдээллийг хүн бүрээр категоричлохгүй орхих, сэдвийг шууд өгч бусад аргуудтай хамт дутуу хэрэглэх, хүн бүрийн бодол санааг сонсдоггүй.

Эвлүүлгийн аргыг олон сэдвийг бөөнд нь заахын тулд л ашигласны улмаас хүүхэд бүр багш байх зарчим алдагдаж зөвхөн бүлэг хоорондын ажил болдог.

Булангийн аргаар хичээллэхдээ буланг зарим үед сонгуулахгүй хувааж өгөх, зөвхөн буландаа л ажиллана гэж буруу ойлгосноор булангаа орхиж явж болох, уян хатан байх зэрэг зарчим алдагдаж байна. Иймэрхүү ташаа хэрэглээг засах бүтээлч сэтгэлгээний философийг багш бүхэнд ойлгуулахыг гол зорилгоо болгон ажилласны үр дүнд төсөлд хамрагдсан нийт багш нарын хувьд тодорхой амжилт гарсан. Заах аргын нэгдлээр дамжуулан багш бүрт хүрж ажилласнаар 2001 оны сүүлчийн судалгаагаар манай багш нарын 60 гаруй хувь нь бүтээлч сэтгэлгээний аргуудыг байнга хэрэглэдэг гэсэн дүгнэлт гарчээ.

Харин ГЯ-наас шинээр хэрэгжүүлээд байгаа үнэлгээний стандартад альтернатив байр сууринаас хандах, суралцагсдыг үнэлж дүгнэхдээ нэгэн жигд түвшинд бодит байх тал дээр ярилцах, эргэж үзэх шаардлагатай болов уу.

Багш нарын заадаг хичээл, арга барил, харьцаа ёс суртахуунд ч томоохон өөрчлөлт гарч багш нар ямар нэгэн байдлаар өрсөлдөхөөсөө бие биенээсээ суралцахыг эрхэмлэж, бие биеэ дэмжин урамшууллын үгийг хэлж чаддаг болсон нь манай сургуулийн нийт сургалтын ажилд ахиц гарахад нөлөөлсөн. Бага ангийн нэгдлээс санаачлан багш нар хамтран хөтөлбөр боловсруулан ЗАН-ээрээ хэлэлцэх, туршилтын сургалт зохион байгуулах зэргээр үр дүнтэй ажилласны дүнд аймагтаа сүүлийн жилүүдэд боловсролын түвшин тогтоох шалгалтанд байнга тэргүүн байр эзэлж байна. Төслийн хугацаанд хичээл бүрийн аймгийн олимпиадын аварга сургуулиар тодорч улсын тэргүүний сургууль болсон нь багш нарын сэтгэлгээ арга барилд гарсан өөрчлөлттэй салшгүй холбоотой юм.

Манай төсөлд хамрагдсан зүүн бүсийн нийт багш нар бүтээлч сэтгэлгээний аргуудыг сайн эзэмшиж, үндсэн философийг алдагдуулахгүйгээр үр дүнтэй хэрэгжүүлж байгааг дурьдах нь зүйтэй. Гэвч цаашид олон зүйл дээр хамтран ажиллах шаардлагатай байгаа тул ямар аргаар энэ олсон боломждоо тулгуурлан цаашид үргэлжлүүлэн ажиллах талаар өнөөдөр ярилцах хэрэгтэй гэж бодож байна.

Өөрийн ажил мэргэжил, арга зүйд гарсан өөрчлөлт үр дүнгийн тухай

Хамгийн шилдэгт өөрөө суралцаагүй багш хамгийн шилдэгт бусдыг сургаж чадахгүй [2]. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд багш нар өөрсдөө энэ үзэл санааг гүнзгий сайн ойлгож эзэмшсэн байх нь чухал. Энэ үүднээс эхний жилд өөрийн сургах үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй хандан анализ хийж ажилласнаар олон зүйлийг өөрчилж чадсан гэж боддог. Тухайлбал: Бусад багш нарын адил мэдлэг олгохыг л гол зорилгоо болгон гол төлөв сэргээн санах, ой тогтоолт шаардсан асуулт асууж, ганц зөв хариулт санахыг шаарддаг, суралцагчдыг яаран сандран маш хатуу дүгнэж, лекцийг голлон ангид нэг хэвийн зохион байгуулалттайгаар хичээллэдэг байснаа өөрчлөхөд маань төслийн багш нарын үлгэр дууриал, бүтээлч сэтгэлгээний философийг гүн бат ойлгосон явдал тусалсан. Мөн бусдад заах явцдаа маш их зүйлийг мэдэж авснаар алдаатай санаануудыг дараах бүтээлч санаагаар залрууран хэрэгжүүлж өдөр тутам өөртөө шүүмжлэлтэй хандаж сурлаа.

Yvнд:

  • Олон төрлийн мэдээллээс өөртөө хэрэгтэйг нь сонгох чадварт сургах
  • Дээд түвшний асуултыг байнга бэлтгэн асууж суралцагчдаар тийм асуулт гаргуулан өргөн ярилцлага зохиож тэдний сэтгэхүйг хөгжүүлэх
  • Суралцагчдыг ямагт урамшуулан дэмжиж байх
  • Хүн нэг бүрийг хувь хүнийх нь үүднээс хүндэтгэн тэвчээртэй сонсож бусад хүүхдийг ингэж сонсох чадвар хүлээцтэй хандахад сургах
  • Ангид бүтээлч сэтгэлгээний маш олон аргыг сонгон хэрэглэж тэдний хэрэгцээг байнга мэдэрч байхыг эрмэлздэг боллоо.

Бүтээлч сэтгэлгээний философийг ойлгон хэрэгжүүлсэн явдал ардчилсан нээлттэй нийгэмд аз жаргалтай амьдрахад нь шавь нартаа туслах үүргээ биелүүлж буй багш надад болон шавь нарт маань нөлөөлсөн гэж боддог. Тэд мэдээллийг шүүмжлэлтэй хүлээн авч, хамтран амьдрах арга ухаанд суралцаж, ёс суртахууны хувьд хүнлэг эрх чөлөөт харьцааг эзэмшиж өөртөө итгэлтэйгээр цаашид суралцах бол???. Тэд үеийнхээ нөхдийн хүсэж байсан тэр амжилтын эзэд болцгоосон. Заадаг хичээлээрээ аймагтаа төслийн хугацаанд 4 жил олимпиадын аварга болж, улмаар миний шавь нар 1999 онд улсын олимпиадын аварга, 2001 онд Хэрэглээний эдийн засгийн улсын тэмцээний аваргаар шалгарч олон улсын тэмцээнд анх удаа амжилттай оролцон оны шилдэг багш болж, даасан 10а ангийн 28 сурагчдаас элсэлтийн шалгалтанд 100% тэнцэн нэг сурагч Япон улсад суралцах эрх авч, 8 сурагч МУИС-д элсэж, бусад нь бүгд улсын их дээд сургуулиудад элсэн суралцах боллоо.

Асар их хүч хөрөнгө, зүтгэл гарган бэлтгэсэн багш нарыг мэргэжлийнх салбарт тогтвор суурьшилтай ажиллуулбал ажлын үр дүн нь улам илүү харагдах болно гэдгийг боловсролын удирдах байгууллагууд анхаарах хэрэгтэй болов уу.

Дvгнэлт

МННХ-гээс хэрэгжүүлж буй Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төсөл нь багш нарын заах арга зүй төдийгүй үзэл бодлыг шинэчлэн өөрчлөх, суралцагчдын бүтээлчээр сурах арга барилыг хөгжүүлэхэд чиглэдгээрээ онцлог юм.

Төслийг хэрэгжүүлэхэд гарч байсан чухал гэж үзэж байгаа асуудлуудыг шийдвэрлэсэн өөрийн арга барилыг туршлага судалгаанд үндэслэн энэхүү илтгэлийг бичсэн юм. Сургалт семинараас мэдэж авсан олон аргуудыг багш нарт хүргэхдээ тухайн аргад байгаа үзэл санааг нь тайлбарлан ойлгуулах ажлыг цэгцтэй хийх нь илүү чухал гэж үзэж хэрэглэж байсан өөрийн арга зүйгээ тодорхой амжилт үр дүнтэй нь харуулахыг хичээлээ. Бүтээлч сэтгэлгээний философийг ойлгуулах нь зөвхөн багш нартай ажиллахдаа анхаарах асуудал байсан бөгөөд үг хэлээрээ биш үйл ажил үлгэр дууриалаараа суралцагчдын төлөвшилтөнд нөлөөлөн зайлшгүй хийгдэх зүйл юм гэдэг нь ойлгуулахыг зорьлоо.

Сургалтын үед багш нарын арга зүйд байдаг нийтлэг дутагдлыг илрүүлэн түүнийг хэрхэн залруулж болох талаар өөрийн саналыг дэвшүүлсэн нь нийгэмд хийх бүх өөрчлөлтөөс нэгэнт тогтож бий болчихсон хүний сэтгэхүйд хийх өөрчлөлт хамгийн хүнд байдаг тул төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд зүгээр л хүний заасныг дамжуулагчийн үүрэг гүйцэтгээгүй, харин өөрийн гэсэн аргыг боловсруулан туршиж бага боловч үр дүнд хүрсний нотолгоо болох юм. Бусад хүмүүс ч үүнийг хэрэглэхэд тус нэмэр болно гэж үздэг. Тухайлбал бүтээлч сэтгэлгээний арга бүхэнд байдаг үзэл санааг тодорхойлон монгол хүний сэтгэлгээний, ёс суртахууны давуу чанаруудад тулгуурлан тайлбарласан нь тухайн үзэл санааг гүн бат ойлгож авахад нэн дөхөмтэй, амьдралтай холбоотой, сонирхолтой байснаараа онцлогтой.

Цаашид энэ асуудал дэлхийн бүтээлч багш нарын шинэ шинэ үйл ажиллагаагаар арвижин боловсронгуй болох нь дамжиггүй бөгөөд хамтран ажиллагч та бүхэн өөрсдийн санал бодлоо хуваалцана гэдэгт итгэж байна.

Монгол оронд нээлттэй нийгмийг хөгжүүлэх, боловсролын тогтолцоонд үр дүнтэй өөрчлөлт шинэчлэлийг хийхэд дэмжлэг үзүүлэн Монголын хойч үе хүүхэд залуучуудын сайн сайхны төлөө ажиллаж буй МННХүрээлэнгийн хамт олонд зүүн бүсийн нийт багш нар болон суралцагчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.

Ном зүй

1. Г.Аким “Цэцэн билгийн сувд эрих” УБ, 1995,128х.
2. Г.Аюурзана “2х2=6 буюу суут жаран сэтгэгч”. УБ, 2001, 336х.
3. Жеанни Л.Стееле, Куртис С, Мередит,Чарлес Темпл “Сургалтын агуулгыг бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх замаар хэрэгжүүлэх нь” , УБ, 1999, 40х.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2014  
Ням Д М Л П Б Б
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?